Эхлэл > > Тэнцвэр

Тэнцвэр


Нийтлэгдсэн: Saturday, December 1, 2012 | Сэтгэгдэлгүй

2012.12.01

Их үйл эхлэх нь дөхсөөр хоног хугацаа урьдын адил харвасан сум мэт өнгөрөх нь ихэсч буй тул урьд болсон явдлуудыг чадахын хирээр эгнүүлэн мутарлахыг хичээлээ. Өөрт тохиолдсон явдлууд, өргөөний андууд, ахан дүүс бидэнд тохиолдсон хөгтэй, сургамжтай өрнөлт явдлуудыг ийнхүү бичиж байгаа нь одоогийн байр суурь, энэ цагийн өнцгөөс харахад илүүц, цаг нөхцөөсөн мэт харагдах нь их байж болох хэдий ч өөрт ноогдсон даалгавраар, хийж биелүүлэх ёстой үүрэг, ирээдүйд оруулж буй багахан хувь нэмэр тул эгэлхэн түүхээ олон түмэнд хүргэхийн төлөө, өөрийн алдааг минь бусад хүмүүс бүү давтаасай үүнээс минь сургамж, ухаарлыг олж хараасай гэсэндээ нэмж хачирлалгүй, солиж бичихийг хүссэнгүй.

Зуны урин дулаан цагт нь буурлуудаа хөдөө хээр буулгаж хөрст шороо, эх дэлхий , эргэх улирлын салхийг мэдрүүлэхсэн хэмээн ихэд хүсэвч лагер дээрээ хөршүүдийнхээ нүдэнд ил бөөлөөхөөс татгалзсан учир байрандаа өдрийг өнгөрөөдөг нэгэн байлаа. Угаа аваад удаагүй цээрийн хоногоо өнгөрөөсөн тэр хэдэн хоногуудыг би дардан замаар туулж өнгөрөөсөн гэвэл худлаа. Зөвхөн би ч гэлтгүй гэр бүлийнхэн минь, ялангуяа түшээ хийдэг эгч минь л миний цорын ганц хань, өмөг түшиг минь болж байлаа. Одоо ч хүртэл. өглөө оройгүй өвлийн минь хуягийг бэлдээд л сууж байна даг.

Өөрийн түүхээ л бичиж байгаа юм хойно, туулсан өчүүхэн замын зарим зогсоолын тухай цухас дурдвал:

Угаа авч улаач болно гэдэг хүссэн ажил биш ч хүсэхгүй байна гээд зарагдсан барааг эргүүлэн аваачиж өгдөг эд бас биш. Бие, сэтгэлээр хичнээн хэцүү байлаа ч буурлуудаа гэх хайр, итгэл, найдвар, зориг дээр тогтох сэтгэлийнхээ галийг унтраалгүй явсаар улаач болоод эгэл хүн хүртэхээргүй тэр их хишгүүдийг хүртсэнээ хэлэх ёстой болов уу.

Гэвч миний хэн байна вэ гэдэг чухал биш бөгөөд  энэ бүхнээс илүүтэйгээр би буурлуудыгаа гэх хайрын сэтгэл хэр их байна,  тэднийхээ төлөө хэр их өөрийгөө зориулж чадаж байна, бидний үйлийг үргэлжлүүлээд явж чадах ухаан, сэтгэл, зориг энэ улаачид маань байна уу үгүй юу гэх зэрэг онгод нь улаачаа сорих  сэтгэл зүй болон бие махбодийн түвшинд сорилтууд миний хувьд   гомдол, ухаарлын аль алинийг нь авчирсан. Угаас энэ зам мөрд орсон хүн нэг бүр энэ мэт давааг туулдаг нь бичигдээгүй жам бололтой.

Улаач болох хүн гэдгээ мэдээд "Яагаад заавал би гэж? Өөр хэн нэгэн та, тэр, тэд байж болох л байсан шүү дээ" хэмээн энэ олон "ЯАГААД" ын хариуг олох гэж нэгэн бус удаа хайж, өөрийгөө хайж, хэн нэгнээр өөрийгөө орлуулах гэж үзсэнээ тодхон санаж байна. Жишээ нь: "ЯАГААД ЗААВАЛ БИ ЭНЭ ОЛОН МУУХАЙ ХОР, ХАР СҮНСИЙГ СОРОХ ЁСТОЙ ЮМ БЭ?" гэж.

Шантарч туйлдан, гомдож цөхөрч, усанд живж,  үхлийн хаалгыг цөөнгүй удаа татсан үеүүд надад нилээдгүй олон байсан. Энэ бүрд өөр өөр шалтгаан байсан. Энгийн нэгэн явахдаа ухаан алдаж унаж үзсэнгүй, эрүүл нэгэн байлаа. Магад онгод буурлууд бүрийн үрсээ сургах арга нь өөр байдаг байлгүй дээ.

Тухайлбал: микронд суугаад нэг газар очиход тэр микронд байсан муу сүнсийг, хорыг сороод өөртөө татаад биедээ авах. Та итгэхгүй байж магадгүй л дээ, учир нь энэ бүхнийг хараагүй, биедээ мэдрээгүй учраас ямар байсныг нь мэдэхийн аргагүй.
Сонсоход хүртэл үнэмшмээргүй байна уу?
Гэвч энэ явдлыг батлан гэрчлэх өргөөний олон андууд, ах эгч нар маань бий билээ. Ганц нэг удаагийн явдал бус хэд хэдэн удаагийн хэрэг. Тэр бүхэнд Дээдэс минь л тусалж, сорсон муу бүхнээс минь салгаж намайг авардаг байсан юм. Онгодууд маань хамгаалж туслалгүй яахав ээ.Энэ өчүүхэн биеийг туйлдуулан зовоох  нь заримдаа хэтэрхий хатуу, шударга бус санагддаг байсан нь үнэн. Тэглээ гээд би хэнд гомдохов дээ? Хэн ч буруугүй шүү дээ. Ихийг сурч, тэвчээрээ нэмэн, туршлага сууж байна даа гээд л зүтгэнэ.

Гэтэл зарим нэг нь "сайн жүжигчин шүү" гэж хэлэн дооглох нэгэн ч бас байх.

Хорвоо сайнтай, муутай гэж. Тэнгэр харж байгаа гэдгийг л мартаад байх шиг.