Эхлэл > > Хань минь дээ: Үе үеийн тангараг

Хань минь дээ: Үе үеийн тангараг


Нийтлэгдсэн: Friday, July 5, 2013 | Сэтгэгдэлгүй

Хүмүүн болсон бид хувь төөрөгөөрөө ч бай, өр төлөөсөөр ч бай энэ дэлхийд эхнэр, нөхөр болох хэн нэгэнтэй сайн,муу үйлийнхээ үрээр учирдаг нь дамжиггүй.

Өр төлөөсөөр учирч, өрөө төлөх нэгэн заяатай хань байхад мөнхийн тангараг мэт хайрын гэрээгээр учирдаг нэгэн хос нь байх л юм. Тэгвэл хэрхэн өөрийн заяаны ханиа таних вэ, бага залуу Ундрахуй хэрхэн ханьтайгаа учирсан тухай олон хүний хүсэлтийн дагуу бүрэн эхээр нь дэлгэе.

Энэ бүхэн надад үлгэр мэт л санагдсан хэвээр бөгөөд эхлэл нь замбын бид хоёроос эхтэй бус Дээд Тэнгэр дэх дээд өвгөдүүдээс минь эхлэлтэйгээрээ сонихон. Дээд өвгөдүүд гэдгийн учир нь бид хоёр хоёул уг удмаа залгасан улаач үрс юм. Бидний түүх бол дэндүү хурдан гэх тодорхойлолын хэдэн зэрэг .

Энэ бүхэн 2012 оны өвлөөс хавар буюу алтан луу жилд эхэлсэн бөгөөд хэд хэдэн удаа л өргөөн дээр харснаас цаашгүй, хааяа нэг улаачдын хуралд сууснаас ХарЗэдийг өөрөөр мэдэхгүй байсаар хамт угаа авсан нь тэр үед бид хоёрыг нэгтгэж байсан ганц зүйл нь л тэр байв. Өдөр хоног салхины аясаар ээлжлэн хөвөрч ноднин 6 сарын сүүлчээр Халдун Хайрхан явахын өмнө "Фэйсбүүк" д надад мессэж үлдээсэн байсныг хараад би дотроо ундууцав. "Ах гуайн "ах зан" тэндээ л байдаг юм байгаа биз, би буурлуудтай "болчихсон" байтал надад юм заана гэнэ шүү, хмм" гэж бодож байлаа.

Kharzed Bsh:
амар байна уу

өглөө чамд "Энэ үйл явдал зүүдэнд чинь болж байгаа. Санахын тулд энэ үйл явдлаа дахин дахин эхнээс нь бодоод бай, тэгвэл сэрээд санана" энэ тэр гээд л  зөвлөгөө өгч байна гэж зүүдэллээ. Х
ий биеэрээ гарч явцгааж уулзалдаад зөвлөгөө өгөөд байв уу? Зүгээр зүүд байв уу? Иймэрхүү зөвлөгөө сонсч байгаагаар зүүдлэв үү?хэхэх гэсэн мессэж байв. Сүүлд надад учрыг нь хэлэхдээ: "Ундрахуй бол миний хань юм байна шүү дээ" гэсэн утгатай зүүдийг хоёр дах удаагаа зүүдэлж сэрсэний дараа дээрх мессэжийг надад үлдээн, амихандаа өөрийгөө надад таниулах санаатай хэлээд байж л дээ, түүнийг нь би надад "ахархлаа" гэж бодсоор, миний ч сэхүүн зан хөдөлсөөр, тоолгүй явсаар 8 сард Сэлэнгэ рүү үйлэнд явахдаа Делика дотор бидний  харилцаа өөрөөр дахин эхэлж, цааш үргэлжилсээр...

2012.08.04 өглөө

Улаанбаатараас Сэлэнгэ аймгийн Дулаан Хан уул явах чиглэлд өргөөний улаачдын хэдэн машин дунд нэгэн Делика явж, түүн дотор Халка Хас, Нисдэг балчир ах нар, Тэнгэрийн Заадас эгч, ХарЗэд болон бид 5 нийлэн унаа түрээслэн явсан бөгөөд бид 5 хээр хөдөө явахдаа дуулна чиг, хуурдана чиг ая дуутай, инээд наргиантай, эрдэм мэдлэгийн сургалтыг өөрсдөдөө хийж явдаг цоглог багийнхан. Хотоос хөдлөөд удаагүй явж байтал, бүгд нэг нэгэнтэйгээ өнгөрсөн холбооныхоо талаар олж мэдэцгээе гэснээр ойрхон тулсан ч нээгдээгүй тэрхүү ханийн хаалга ХарЗэдийн санаачлаган доор нээгдэх учиртай байж.

ХарЗэд: "Хоёулаа урьд нь ямар холбоотой байсан юм бол, чи нэг хараад өгөөч" гэсээр ядам хуруугаа над руу чиглүүлэхэд
Би: "Юу ч байхгүй л юм шиг байна даа"

Хэсэг хугацаа өнгөрч дахин намайг шалгаав. Арай илүү нухацтайгаар, төвлөрөн байтал үнэхээр 3 холбоо байв.

1. Тэр миний өвөө болчихсон, би түүний ач охин нь болтой, тоодгор, тод ягаан дээлтэй, үсээ хоёр боосон 5 хүрэхтэй үгүйтэй настай тийм нэгэн охин байх юм. Эргэн тойрон цөөн хэдэн үеийн балчир хүүхдүүд дундаас тэр өвөө намайг л илүү хайрлан, харцаараа өлгийдөн байгаа нь мэдрэгдэв.

2. Тэр надаас 2 ах байх юм. Надад олон юм зааж өгч, чулуугаар тоглоом хийж өгч байх юм. Мөн л жоохон хүүхдүүд ч ХарЗэд 7 настай бололтой.

3. Бид хоёр эхнэр нөхөр юм гэнэ. Богдын өвлийн ордонтой адил хийцтэй тийм байшин ба илүү уран нарийн хийцтэй том орд харшид амьдарч байх юм гэнэ. Гэтэл гэнэт хамт ажилладаг хоёр анд нь манайд иртэл Нисдэг Балчир ах, Хас ах нар байх юм гэнэ. Өмссөн хувцсыг нь ажваас Манжийн үеийн ноёдууд гэлтэй дундаа алтан луу хээтэй, хар торгон дээл өмсцгөөжээ.

 Машины цуваа түр зогсох зуур бид өөрсдийн энэ болж буй байдлыг өөр улаач нарт хэлэн, бидэнтэй нэгдэн юу харж мэдэрч байгаагаа хуваалцан бидний зөв бурууг шалгаж өгнө үү хэмээхэд Маралмичид удган ирэн: "ХарЗэд Ундрахуй хоёр нэгэн том харшийн хойморт ноён хатан сэнтий дээр заларч байна" гэв. Танхай балчир ах ирэн мөн л бид хоёрыг болон өргөө гэрт маань зочилсон Хас, Нисдэг ах нарыг харав. Түүх ийнхүү батлагдан, үргэлжилсээр...

Түүхийг бид дахин сөхөхийг, цааш ахин хуудас эргүүлэхийг зорьсонгүй, үнэн хэрэгтээ эмээв.

Он цагийн тоолол өнгөрсөн үеийн ирээдүй болох өнөө цагт ирснийг Харзэд маань тосон авч тэр нь зүүдэнд нь илэрсэн аж. Өргөөний олон хүн нэг дор цугларсан ч тэрээр өөрийн мэдэлгүй цасан цагаан хувцастай нэгэн охинд өр зүрхнээсээ татагдаад байгаа ч царай нь тодрохгүй, нэр нь мэдэгдэхгүй байсаар зүүд нойрноосоо сэржээ. Гэвч нэгэн олзуурхууштай зүйл нь тэр охины үнэрийг тогтоохын дээдээр тогтоон, ой тойнд нь хоногшсон авч тэр охиноо хайгаад олохгүй явсаар л байж.

Намар цаг айлчлан ирэхийн өмнө өргөөний гишүүд Дээдсийн удирдлаган доор Дархан 7 сард явах үеэр нэгэн улаачийн бууралтай золгоход надад ганц л өгүүлбэр хэлсэн нь: "Заяаны ханьтайгаа удахгүй учрах нь дээ, түшиг болон дэмнэх хувь зохиолтой үр нь байна". Үүнийг би ойлгохдоо "ирээдүйн нөхөр болох хүн минь миний түшээ хийх сайхан сэтгэлтэй, намайг ойлгодог залуу байна" гэтэл хамт сонссон, түшээ хийж явсан хайрт ээж минь"улаач залуу байх нь ээ" гэж бодсон бөгөөд энэ тухайгаа бид хоёрыг нийлсний дараа хэлсэн юм.

Үүнээс гурав дөрвөн хоногийн дараа буюу 7 сарын сүүлчээр Дээдэстэй нийт 9 улаач Хар Зүрхний Хөх Нуур явсны үйл өндөрлөж Хаан Дээдсийн Өрлөг их жанжид зарлагдаад буулт дууссаны дараа Дээдэс их л жогтой инээгээд " за энэ жанжид өөрсдийн хатдаа удахгүй олно доо" гэж хэлэхэд Дээдсийн хажууд  Халка Хас ах, ХарЗэд бид 3 байж таарав. Учрыг нь дараа нь ухахад Дээдэс тэрхүү явалтаар өргөөний улаачдын ханийн заяаг нь тэгшлэн, хань ижлийг нь дуудсан болов уу гэж таамаглахад Дээдэс үнэхээр нэг ханийн тухай дуу дуулж биднээс зайдуухан ганцаар үйл хийснийг дараа нь санасан юм. Тэгэхээр биднийг цаанаасаа "нийлүүлсний" нэгэн учир нь энэ.

Юуны учир дээрх 3 холбоо гарч ирэв? Яагаад 3 гэж?

1 тайлал.

ХарЗэдийн маань дээд өвгөдийн нэг болох Х... дайчин жанжин бий. Тэр өвөг бол миний нэгэн сүнсний магад олон зууны өмнөх урьд төрлийн минь өвөө, би өвөөгийн хайртай ганц ач охин нь юм. Надад тэр өвөө бичиг үсэг зааж, эрдэмт дөлгөөн хүн болгохыг зааж сургасан ч тэр бүхнээс урьтаж хүн байхыг сургасан ачит өвөө минь юм. Магадгүй энэ өвөө намайг 5 настай байхад ээжийн минь чихэнд шивнэсээр байгаад 5 настайд минь сургуульд оруулсан ч юм уу хэн мэдэхэв, учир нь тухайн үед ангийнхан маань надаас бусад нь бүгд л 8, 9 настай сургуульд ордог байсан үе. Учир нь нэгдүгээр холбоон дээр би 5 настай байсныг өвөөгөөс сонссон юм. Өнөө цагт би хүмүүний биенд таваас хэд дахин илүү настай, өвөө минь хий биетэй байгаа ч гэлээ улаач болсон хөвүүн үрдээ залархад би буцаад л 5 настай тэр жаахан охин болчихдог.

Нэгэн буултан дээр өвөө минь буусныг би мэдэлгүй яаж ийж байгаад тэр буурлын биенд нь хүрмээр санагдаад болдоггүй, арайхийн зүрхлэн байж хуяган дээрх өвдөг хирд байдаг могойнд нь хүрээд улам бүр шуналтан энэ цагийн "Winnie the pooh" хүүхэлдэйн киноны гахайн торой буюу piglet- ийн хуруун чинээ чихмэл тоглоомоор нэг мэдэхэд өвөөгийн зүүн өвөр дээр тоглоод хэсэг зуур болтол гэнэт өвөө намайг харан, хэрэг тарьсанийг минь мэдчихээд зүүн гараа сүрхий өндөрт далайхад би гэнэт ухаан орсон юм шиг айж билээ. За ингээд л бууралд гөвшүүлдэг юм байжээ гэж бодтол намайг өхөөрдөөд удаан гэгч нь үнэрлэж билээ. Аргагүй л өнөөх 5 настай охин миний биеийг хэдэн хором ашиглаад амжсан байгаа биз?

2 болон 3 тайлал.

Хоёрдугаар холбоо бол гурав дах холбооны эхэн буюу бидний өмнөх үеийн бага нас.
Гурав дах холбоо бол бидний энэ насны өмнөх төрөл буюу ойролцоогоор 17-р зуун- Монголчууд манж гүрний дарлалд байсан цаг үе.
Ингээд бид 2 нэгэнт тэр үед биш энэ цаг үед дахин  нэгэнтэйгээ эргэн уулзаж буй учир сүнсний гомдол, харуусал биднийг марталгүй, бид түүнийг тойроод биш дайрч гарсан. Тэрхүү харууслыг бид өөрсдийн дуугаар тайлсан ч магадгүй буурлууд тайлсан байх.

ХарЗэдийн зүүдний учир энд дахин түлхүүр болох нь ээ. Машинд бид холбоогоо харан мэдэрсний дараа ХарЗэд өнөөх хайгаад байсан охины үнэрийг надаас мэдэрсэн бөгөөд яахын аргагүй хайгаад олдохгүй байсан хүн нь намайг гэдгийг зүрхний дуудлага, сүнсний мэдрэмжээрээ мэдсэнээс болж намайг өөрөөсөө холдуулахаа болив. Би айгаад их л зугтаана, гэвч тэр миний хаа очсон газарт намайг дагах ч дагах дагахдаа зүгээр ч нэг дагахгүй байнга " миний ханиа" гэж дуудна. Дуудах бүрт нь би айн зугтаан, бусдаас ичин санаа зовно. Огт танихгүй нэг залуу гэр орноосоо хол, хөдөө хээр яваа надад дэндүү эвгүй, хөндий байж билээ.

ХарЗэдээс зугтаан Халка Хас болон Нисдэг ах нараас зүүгдэн дэргэд нь явна, гэсэн хэдий ч өөр хүнтэй юм яриад эргэн харахын зуурт л өмнө юмуу хажууд ирчихсэн над руу нүдээ унаган, гөлрөн ширтэнэ. Би ичээд л дахин зугтаана, хүмүүс дундаа Дээдсээс хамгийн их ичнэ. Шөнө орой болж майхандаа унтах болоход нэг мэдэхэд л аяны хөнжлөө миний хөнжлийн дэргэд тавьчихсан байх нь энүүхэнд. Утаа намайг явуулан: " Удахгүй  2 жилийн дараа та 2 гэрлээд Дээдэс гадаадаас хуриман дээр чинь ирнэ дээ хахаха" гэж инээнэ. 


Ингээд Сэлэнгэ  аймгийн Гүн нууран дээр ирээд орой түүдэг асаахад залуучууд галын мод бэлдэхээр явахынхаа өмнө над дээр ирэхэд би уурлан, загнасаар гомдоогоод явуулчихав. Түүнийг яваад хором ч өнгөрөөгүй байхад зүүн чихэн дээр минь олон хүмүүс ирээд шуугилдан байснаа яриа нь тодроход : 

"За даа үр минь тангарагтаа үнэнч байж 
Хэлсэндээ хүрэхгүй юм бол
Үе үеийн тангараг чамаар тасрах нь байна
Тангарагт ханиа танихгүй байна уу, чи?
Тэнхээт сайхан үрийг минь
Таалахгүй байна гэнэ ээ, чи?" гэж ирээд л хадам дээд буурлуудаараа лекц уншуулж, хамаг эргэлзээгээ гээн, загнуулан байж ухаарсан түүхтэй. Хамгийн анх, хамгийн тодоор онгодын чихэнд шивнэхийг ингэж л сонссон юм. Шивнээ биш лекц юм байна шүү дээ.


Ингээд ХарЗэдээс уучлалт гуйя хэмээн очтол зүрх хүрэхгүй байсан тул хадам буурлууддаа сүү өргөсөөр сэтгэл хөнгөрөн, арай уужим болоод түүн дээр очин арай хийн, бардам зангаа уландаа  гишгэсээр үг унагаан ядан байж уучлалт гуйсны дараа хамаг дарамт ор мөргүй алга болов. 

2 хоногийн дараа бид Амарбаясгалант хийд рүү орохоор болоход бид хоёр л ороогүй үлдсэн бөгөөд миний хийд рүү орох хүслийг ХарЗэд л намдаан, надтай хамт машинд үлдсэнээр үнэндээ би юу ч "соролгүй" тэнхээтэй үлдсэн бөгөөд энэ соролтын талаар ойр дотны хүмүүс маань л мэдэн, ойлгохоос биш гадны хүн миний соролтыг, сорсон байдлыг хараад ер ойлгохгүй. Энэ тухай өмнө нь бичсэн тул дахин бичээд хэрэггүй биз.

Үйл өндөрлөн бид Улаанбаатарт ирэн энэ талаар хоёр гэрийнхэндээ дуулгахад ээжүүд маань хоёул баярлацгаасан бөгөөд 2 ээж хоёул бидний түүх Сэлэнгэд эхлэхээс өмнө, угаа авах  гээд хээр 7 хоноход л биднээс түрүүлж, "биднийг" таньсан байсан нь сонин. Ээжүүдийн зөн гэж алдахгүй юм даа.

Хотод ирээд бид хоёрын "шок" гаралгүй явсаар 7 хонож байхад бид өнгөрсөн үеийг сонирхоход түүхийг онгичуулахыг буурлууд хүссэнгүй, харин 2 өвөө буурлууд хий дүрээрээ ирсэн нь бидний сүйг хариуцдаг өвгөд буюу бидний ойлгосноор өвөө нарын ажил нь биднийг өөр хүмүүстэй гэрлэхээс хамгаалан, бид хоёрыг учруулан, хань бүл болгоход байсан биз. Өвөө нар бид хоёрт нэг л удаа буусан бөгөөд сүйтэй холбоотой үйлүүдийг зааж зааварчилж байсан ачит буурлууд маань юм. Бид тэр буурлуудыгаа "сүйний өвөө" хэмээн дууддаг. 

Намар цаг айлчлан ирж, судрын ажил эхлэх үед 2 удмын буурлууд маань биднийг сүй тавихыг яаруулаад байв. Шалтгааныг нь нарийн мэдсэнгүй, гэвч тэд яаран шамдуулсаар бид сүй тавьсан бөгөөд энэ үеэр бид судрын ид ажилтай өөр газарт Дээдэстэй хамт байрлаж байсан үе.

Намар цаг улиран одож өвлийн эхэн сард " Хоёулаа хэзээ гэрлэх вэ? " гэж ХарЗэд надаас асуухад би " Аан, болоогүй ээ 6,7 жилийн дараа". Ийм нэгэн харилцан яриа гарсны дараагаар богино хугацаанд бид гэрлэх хэрэгтэй болов. Гэрлэхэд мөн гэрч хэрэгтэй болов. Түшээ эгч минь болон, ХарХирүгэн ах гэрчээр оролцон хамаг зүйл нүд ирмэхийн зуур болов. Үндсэндээ бидний түүх бидний хүсэлтээр бус буурлуудын тааллаар ийнхүү хурдан өнгөрснөөр өнөөдрийг хүргэжээ. Үргэлж дэргэд минь түшиж, хамгаас ихээр хайрлан, зөвлөн байдаг ачит эгч, ХарХирүгэн зайран аавдаа Ундрахуй нь маш ихээр талархаж явдгийг минь хүлээн авна уу.Гэвч юуны учир биднийг ийнхүү хурдан сүй тавь, хурдан гэрлэ гэсний учрыг дараа нь олж мэдэн ачтай буянтай аугаа бүх буурлууддаа болон Дээд Их Тэнгэрүүддээ ихэд гялайсан билээ.


Гэтэл энэ замбын үзлээр сэтгэвэл, буурлууд байхгүй байсан бол бид 2 учрахгүй байсан бөгөөд миний хувьд өнгөн талаас харвал миний сонирхдог хүн биш байсан хэдий ч гүндээ тэр яг миний хүссэн хүн байсныг дараа нь ойлгосон юм. Тодруулбал, би урьд нь ирээдүйн ханиа ямар хүн байгаасай гэж хүсдэг байсан тэр бүгд ХарЗэдэд байсан юм. Үүнд сайн удам угсаатай, надаас ,,, см өндөр ,,, чадвартай,,, хөгжим тоглодог гэх мэт нарийн хэмжүүр, шаардлага, олон зан чанар, тодорхойлолт түүнд байдгийг мэдээд их л гайхаж билээ.

Урьд цагийн тангараг 
 бид 2 энэ цагтаа ч мөн өргөн, ивээл хайрыг хүртсэн  бөгөөд энэ бүхэн миний блогт үг болон нийлж өгүүлбэр бүтээгдэхээс илүүтэй бидний амьдрал тэр бүхнийг өгүүлэх болно.

Та бүхнийг ХАНИЙН ТЭНГЭР ивээж, ивээл хайраа харамгүй хүртээх болтугай.