Эхлэл > | > Монгол наадгай: Шагай

Монгол наадгай: Шагай


Нийтлэгдсэн: Thursday, November 7, 2013 | Сэтгэгдэлгүй

2013.11.08

Эрт цагаас өнөөг хүртэл уламжлагдан ирсэн үндэсний наадгайн нэг бол шагай.  Одоо цагт Монголчууд ихэвчлэн цагаан сарын үеэр шагайгаар нааддаг болжээ. Мэдлэгийн далайд дусал нэмье.

1. Шагайн тухай. Үүнд:
          а. Үүсэл түүх
          б. Шагайн харвааны тухай баримт
3. Шагайн наадгайн төрөл, хэллэг
4. Ач холбогдол


1. Шагайн тухай. 

"Монгол үндэсний наадгайн нэг бол нүүдэлчдийн үе үеийн амьдрал, ахуйд тулгуурласан тоглох арга агуулга хэлбэрийн хувьд төгс боловсон оюуны соёлын чухал өв билээ. Монголчуудын тоглоом наадгай нь тэдний амьдралын гол сурвалж болсон мал сүргээ маллаж өсгөх, ан гөрөө хийх, ах захаа хүндлэх ёсыг хэвшүүлэхийг үлгэрчлэн харуулах зэргээр хүүхдэд хөдөлмөр ёс суртахууны хүмүүжил олгодог байдлаараа онцлогтой."                                

Эх сурвалж: "Шагайн наадам" номноос.
   1а.Үүсэл түүх
Амьтны шаант ясны нарийн үзүүрт орших жижиг цул ясыг шагай гэнэ (зарим газар шаа гэдэг).  Малын шагайн алц, таа, бөг, цөг гэсэн нэрийг манай ард түмэн хонь, морь, тэмээ, ямаа хэмээн нэрийдэж, үр хүүхдээ малд хайртай болгон хүмүүжүүлэхийн үүднээс шагай зориуд засч тоглоом болгон ашиглаж ирснээ оньсголсон байна. Шагайн наадмын агуулга, төрөл хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц үгээр монгол хэл баялаг.  Тухайлбал:
"Эрхийн чинээ биетэй
Эрдэнийн дөрвөн талтай" хэмээн шагайг монгол ардын оньсогонд зүйрлэн өгүүлсэн бий.


1б. Шагайн харвааны тухай 24 баримт:


1. “Хур орсон ч, хутга сийчсэн ч цуглана шүү” гэсэн болзоотой эрчүүд буюу Халх тойрмын шагайчид өнгөрсөн зууны эхэн үе хүртэл ийм андгай тавиад жилд нэг удаа монос цэцэглэх цагаар эргэн уулзаж нааддаг байжээ.
2. Шагайн харваа XIII зууны үед үүссэн бөгөөд эхэндээ хаад, ноёд өргөө зуураа зугаацдаг наадгай байсан гэлцдэг. Хожим ард түмнийх болж, эрчүүдийн цэц мэргээ сорьдог наадам болж өргөжсөн билээ.
3. Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошуу буюу одоогийн Булган аймаг бол шагайн харвааны өлгий ажээ. Булганы харваачид Хангинахын шугуй, Сөртийн тойромд цуглан нааддаг байж .Тиймдээ ч эрт халхын гурван том тойрмын хоёр нь энэ нутгийн уламжлал. Мөн Дорноговийн Луугар, Төв аймгийн Бад гэж алдартай тойрмууд байжээ.
4. Шагайн харваа халх, урианхай, боржигон гэсэн гурван төрөлтэй.
5. Тойргоор тоглодог болохоор шагайн наадмыг тойром хэмээн нэрлэсэн ажээ.
6. Социализмын он жилүүдэд цагаан сар тэмдэглэхийг хязгаарласны адил шагай харвахыг ч хориглосон юм. Тиймээс эрчүүд нууцаар цуглан тоглодог байсан байна.Нэгдэл, сангийн аж ахуй байгуулагдаж, улсын төлөвлөгөөт ажлыг цалгардуулахгүй гэсэндээ тийн хорьж цагддаг байсан болов уу гэсэн таамаглал шагайчдын дунд байдаг гэнэ.
 7. Шагайн харваа 2001 онд үндэсний их баяр наадмын нэгэн төрөл болж, албан ёсны дүрэмтэй болсон билээ.
8. Харвааны үеэр шагайчид асраа дэрвэтэл уухайлдаг аж. Дэмжигчдийн болон өрсөлдөгчдийн уухайлах нь түрлэгээрээ өөр юм. Өөрсдийн талынхны аялгуулаг уухайнд харваачийн цэц нэмэгддэг бол, эсрэг багийн огцом, хүчтэй уухайнд барьц алдаж мэдэх гэнэ шүү. Төв халхын уухай, Дөрвөд далай ханы, баяд, урианхай боржигин уухай гэж нутаг оронд арай өөр өөр байдаг ажээ. Өнөөдрийн хувьд шагайчид голдуу төв халхын боржигин уухайгаар наадах болжээ.
9. Дорноговь аймгийн хойд тал, Дундговийн зүүн хойд талын суманд Зуутын уухай гэж арай өвөрмөц уухай байдаг бөгөөд энэ уухайг Дундговь аймгийн Өндөршилийн Пүнжигаа хэмээх Пүрэвсүрэн, Батсүх , Айраг сумын ахмад харваач Сүрэнхор нараас бусад хүн мэддэггүй, бараг мартагдах шахсан уухай байдаг гэнэ.
10. Өрөг буюу зурхайгаас есөн тохой /4.72 метр/ зайнаас шагайчид харвадаг. Зурхайн голд тавьсан хясааг онох ёстой.
11. Харвах хэрэгслийг хашлага, сум гэнэ. Хашлаган дээр сумаа тавьж байгаад нясалж харвана.
12. Хамгийн анх далны ясан дээрээс богийн шагай тавьж бөгцөг харваж эхэлсэн байна. Сүүлдээ хөгжин далны оронд хашлага шагай нь бугын эвэр болж, харин шагайн зурхайг авдрын тагаар орлуулан хасааг богийн шагайгаар төлөөлүүлж, зайг нь гэрийн босгоноос хоймор хүртэл 9 тохой хэмжээтэй болгосон гэдэг.
13. Хашлагыг халуун оронд ургадаг хар сэндэм, цагаан зандан модоор бэлтгэдэг ажээ. Мөн улаан зандан, хүрэн суман хашлага, буу, агар зандан тохой, говийн яшил зандан зурхай зэрэг ховор нандин шагайн хэрэгсэл хэрэглэх болжээ.
14. Сумыг нь яшил, хар суман, бугын эвэр, зааны ясаар хийдэг .
15. Дорноговь аймгийн Их хэт суманд амьдран суудаг Айраг сумын уугуул нэрт харваач Дөшийн дүү Д.Чулуунсуурьт арав гаруй кг хүнд Яшил зандан зурхай одоо ч хадгалагдаж байна. Мөн үлэмж дархан мэргэн Баясгалан харваачид улсад нэртэй “налгар” хүрэн хэмээх алдартай зурхайн мод байдаг аж. Энэ зурхайг хийсэн мод Даланжаргалан сумын нэрт харваач Насанбуян гэдэг хүнээс улбаатай бөгөөд Богд хааны музейгээс 1940 оны үед акталсан зүйл дотроос авсан гэдэг. Энэхүү зурхай нь Богд хаан Жавзандамба хааны нойрсдог орны мод бөгөөд халуун орны хүрэн зандан гэнэ.

16. Сүүлийн үед алдаршаад байгаа цуутай гоёмсог зурхай бол Дархан хотын прокурор Жамбалын Баярсүрэнгийн Лаосын улаан зандан зурхай, Дорноговийн Айраг сумын Д.Чулуунсуурийнд хадгалагдаж буй Яшил зандан зурхай хоёр ажээ.
17. Яшил, зандан мод хоёр аз дууддаг, гурван тусгалтай эзэндээ сайн энерги дагуулдаг гэж монголчууд бэлгэшээдэг тул нутгаасаа гадагш зарах, гаргахыг цээрлэдэг учиртай юм гэнэ.
18. Харваачдын баг долоон тоглогчтой, зургаа нь харвана. Нэг багтай 80 минут орчим тоглох юм. Тэгэхээр багууд тойргоор өрсөлдөхөд харваачид өдөрт 10 цагийн турш сууж тоглох болно.
19. Шагай харваж байгаа хүнд зайлшгүй байх чанар бол тэвчээр, мэдрэмж хоёр юм . Мөн “Суудал суухад эвгүй, эсвэл гар хөлөрсөн үед тавьсан сум хясаагаа онохгүй. Өрсөлдөгчдийн уухайнд автвал бас л амжилтгүй болдог” байна. Харваач тоглож байгаа орчин, нөхцлөө мэдэрч, сэтгэл хөдлөлдөө бус оюун ухаандаа захирагдаж чаддаг байх хэрэгтэй юм.
20. Сум тавих үед харваач өрөг хүртэлх орон зайг тооцоолж, биеийн тэнцвэр, хурууны эвслээ олсон байх аж. Шагайн харваа нэг төрлийн бясалгал, дотоод сэтгэлгээний өрсөлдөөн гэлтэй.
21. Эрт дээр үед аль нэг нутагт гол ус бохиртох, ган тохиох, хүн, малын өвчин гарахад шагай харван домнодог байжээ.
22. Шагай харваж сурсан хүн нум сум харвахад бас орон зайгаа багцаалах, тооцох чадвар илүү байдгийг судлаачид тогтоожээ. Мөн Үндэсний баяр наадмын төрөлд орсон шагайн харваа өдөржин шөнөжин тоглохыг эс тооцвол биеийн эрүүл мэндэд сайн болохыг спортын анагаах ухааныхан тогтоожээ. Тухайлбал, нэг удаагийн тойромд оролцсон харваач 350-410 удаа босч суун, өдөр бүр 2,5-3 км газар явган явсан тооцоо гарчээ.
23. Үндэсний шагайн харваа ухаан төвлөрүүлэхээс гадна баг хамт олноо хүндэтгэх, нөхөрлөлийг батжуулдаг сайн талтай гэнэ.
24. Шагай харваа олон сайхан монгол эрчүүдийг зөв шийдвэр гаргаж оюун ухаан, хүч чадлаа төлөрүүлэхэд үеийн үед түшиг болсон гэдэгт эргэлздэггүй. Шагайн уухай шуранхайлж, оноо бүрэн, хараа хурц байх болтугай.

3. Шагайн наадгайн төрөл, хэллэг
Шагайн наадгайн олон төрөл байхаас гадна нутаг нутгийн хэллэгээр өөр байдаг. Үүнд: 


Халхууд: Хонь, ямаа, тэмээ, морь, хонх байхад
Баянхонгор аймгийн Баянлиг сумынхан: Үхэр, хонь, тэмээ, морь, хонх
Ховдын Тувачууд: Хой, ешиг, ат, сыир, түйе гэх зэрэг


Шагайн наадам олон төрөл хэлбэртэй.Жишээлбэл: шагай харвах нь нум сумаар харвахын гэрийн сургууль юм. Шагайн таалцахыг тоо бодлогод суралцахын дасгал гэлтэй.

-Аргай. Гөрөөс, үхэр мэтийн том ан амьтны шагайн нэр (үхрийн аргай).
-Аргалцаг. Төмөрлөгийн зүйлээр цутгаж хийсэн шагай.
- Халцмай. Алц туухайг нь билүүдсэн шагай.
-Туухай. Шагайны морин этгээд
- Цэг. Шагайны гэлрэгэн этгээд тал, бүг цэг няслах.
-Бөг. (бүг) Шагайны түрүүлгэн этгээд, зарим газар хонь, зарим газар ямаа ч гэдэг.
- Сах. Шагай харвах сум, голдуу шагайг нүхэлж тугалга цутгаж хийдэг.
-Шах. Шагай харвахад өөр өөрийн эзэлсэн тэмдэгт шагай.
-Сум тавих:. Сум харвах.
-Сум солих. (тэнэх) Байг онохгүй сум тэнэх.
-Сумаа угаах: Онохгүй алдах.
-Дуг буюу зурхай мөргөх: Урьд харвасан сумны оносон газарт дараа харвасан сум тусахыг.
-Дэвхлэх буюу сэнслэх: Тэмдэгт газраас сум давж тусах.
-Цөхлийтөх: Шагайг хуруугаар хавчиж алд босгон орхих.
-Шагайн тойром: Шагайчид цугларч наадам хийх газар (Энд тамхи татах, алцайж суух зэргийг цээрлэж, багийн ахлагч болон ахмад настанг гүнээ хүндэтгэж, тэдэнд захирагддаг журамтай).
-Шагай засах: Шагайг цэвэрлэж додомдох (мөлжих гэдэггүй).



Шагайн наадгайн төрөл: Алаг мэлхий

Монголчууд битүүний энэ өдөр алаг мэлхий тоглодог уламжлалтай. Тиймээс алаг мэлхий хэрхэн өрөх талаар хүргэе. Эртний уламжлалт энэ тоглоомоор тоглох хүүхдүүд шоо орхиж, нүхний нь тоогоор мэлхий өрж тоглодог. 92 эсвэл 108 шагайгаар тоглож, эрхтэн бүрийг тодорхой тооны дараалалтай өрдөг. Тухайлбал: мэлхийн давсгийг нэг, бөөрийг хоёр, толгойг гурав, шилбийг дөрөв, хүзүүг тав, нурууг зургаан шагай гэхчилэн өрдөг. Битүүнд алаг мэлхий өрж хонуулаад шинийн нэгэн буцаан авч тоглодог уламжлалтай.
Яст мэлхийн эрхтэн
Давсан 1 шагай,
зvрх 1 шагай,
нvд 2 шагай,
чих 2 шагай,
бөөр 2 шагай,
толгой 3 шагай,
сvvл 3 шагай,
шилбэ 4 шагай (4 шилбэ), сарвуу 5 шагай (4 тавхай), нуруу 6 шагай (6 эгнээ), хvзvv 6 шагай, нийт 92 шагай.
Алаг мэлхий тоглох журам
Алаг мэлхийг шагай өрж дvрсэлсэн хөлөг дээр шагайг өрж тоглоход бэлтгээд тоглогчид нь ээлжээр нэг шоо орхино.
Хэрэв шоо хоёр нvхээрээ буувал тэр хvн 2 нvд, 2 чих, 2 бөөрний аль нэгийг авна.
Нөгөөдөх хvн шоог зургаа нvдээр нь буулгавал хvзvv нурууны аль нэг эгнээний 6 шагайг авна.
Энэ мэтээр тоглосоор байтал мэлхийн эрхтнийг дvрсэлсэн шагай дуусч эхэлдэг. Энэхvv дууссан эрхтний шоо буувал шооны нvхний тоо ёсоор дууссан эрхтнийг тэр хvн авсан шагайгаасаа нөхөж тавина. Хамгийн олон шагай авсан хvн нэгдvгээр суурийг эзлэн хожно.

4. Ач холбогдол

Шагайн наадгайгаар наадах ач холбогдол хүн бүхэнд ил тод, ойлгомжтой боловч олон хүмүүс тэр бүр анзаардаггүй.  Үүнд:

1. Хараа сайжирна.
2. Сууж сурна.
3. Тэсвэр хатуужилтэй болно.
4. Хожиж, хожигдож сурна.
5. Арга ухаан нэмэгдэнэ.
6. Дуугүй байж сурна. Жишээ нь саяхнаас миний сурч байгаа наадгай бол "Дуугүй долоо". Энэ наадгайн үеэр үг дуугаралгүй хожтлоо тоглох.
7. Хүндлэл үзүүлж сурна. Насны эрэмбэ дарааллаар болон тойргоор тоглох тул бусдыгаа тоглож дүүртэл хүлээхийг хэлнэ.
8. Авхаалж самбаа, хурд нэмэгдэнэ. Үүнд шүүрч тоглох наадгайг хэлэв.
9.Гарын ур дүй сайжирна. Нэг байрнаасаа хөдлөлгүй ижлээр буусан шагайг гарын эвээр няслах зэрэг олон чадварыг бид энгийн нэгэн наадгайнаас  ч суралцах боломжтой.