Эхлэл > > 35 эрдмийн тухайд

35 эрдмийн тухайд


Нийтлэгдсэн: Thursday, March 30, 2017 | Сэтгэгдэлгүй

2017.03.30

 Эргэцүүлэл №5
 2013 нэг л их мундаг хүн аятай судар эргүүлж байхдаа 108 түвшин сайхны талаар буурлаасаа асууж байжээ. Айлтгалынхаа хамгийн сүүлд буурал надад "Оршоогүй эрдмээ танин байж олж авах нь тэргүүнд бус уу" хэмээжээ. Өнгийгээд үзэхэд надад үнэндээ 35 байтугай 3 эрдэм нь ч алга болтой юм. 35 эрдэм нь үр балчирт нь байхгүйг мэдсэн, хүн шиг хүн болоогүй мэддэг хэрнээ л 2 мөр өгүүлбэрт эхлээд хүн болоотох л гэж хэлсэн байх юм. Түүнийг хожуу л ухаарч байна, гэвч оройтоогүй л байгаасай!

35 эрдэм гэж миний бодлоор чадвар гэхээсээ илүү хүн байх ул суурь. Чадвар уу гэвэл чадвар мөн. Гэхдээ хүн болж байж эрдмийг сурах нь зүй гэж санана. Та уншаад үзээрэй. Өрөвдөх эрдэм гэж эхлэн ерөнхий эрдэм гэж дуусч байгааг нэг анзаараарай! Төсөл хэрэгжүүлэхтэй жишвэл уг нь ерөнхий эрдэм гэж эхлэж болох атал тэгээгүй. Дараа дараагийн нийтлэлээрээ 35 эрдмийн тухай өөрийн бодлоо эргэцүүлнэ. Та бас нэгдээрэй!

Энэ эрдмийг нүүдэлчин соёлоороо дамжуулан хэрхэн үеэс үед умарталгүй өвлүүлсэнийг нэг ажвал ахуйн хэрэглээ болон амьдрах соёлдоо шингээсэн байх ажээ. Хичнээн гайхалтай хэрэг вэ? Ямар аугаа ухаан бэ? Тухайлбал амьдран орших ухааны тэмдэг нь гэр буюу гэрээр төлөөлүүлсэн байна.

Өөрсдийн өвийг бусад орны өвтэй харьцуулан үзье. Эртний Ромын Август хаан  инженерчлэлийн  гайхамшигын ачаар намагтай хөндийн усыг шуудуу ухаж зайлуулсанаар гоёмсог Ром хот боссон түүхтэй. Тэрээр бурхадад зориулан барьсан гэх замбараагүй байрлалтай сүм дугныг эмхлэн отгийн иргэдийг оршин амьдрах зориулалттай болгон хотыг дахин төлөвлөснөөр Ромын эзэнт гүрний нийслэл хот болсон байх жишээтэй. Энэ бол бодит өв. Пиза цамхаг, Колизей зэрэг байгууламж уран дархчуулын үнэт бүтээл хэдий ч нүд баясгахаас өөр ямархан сэтгэлийн цэнгэл авчирч чадах билээ? Ямарваа нэгэн байгалийн гамшигт өртөхөд үнсэн товрог үлдэхийг байг гэхийн аргагүй. 

Харин бидэнд үлдээсэн өв нүдэнд эс үзэгдэх ч, нүүдэлчин гэх соёлын ачаар өвлөгдөн өдийг хүрчээ. Өвгүд ХАРАМСАХ эрдмийг ашиглахгүйн тулд АМЬДРАН ОРШИХ  эрдмээ ахуйдаа шингээн байж ХЭМЖИХ эрдмийн ачаар ТООЦООЛОН байж өртөөлүүлж бидэн хүргэснийг бодоход гайхалтайяа. Үүнээс илүү өв гэж хаана байх билээ.

Айл гэрийн төвшин сайханг хэрхэн цогцлоох вэ гэх нийтлэлдээ  http://undrahui.blogspot.com/2013/05/blog-post_6827.html "Та ямар эрдэнийг илүүд үзэх вэ" гэж асуухад нэгэн уншигч маань Монгол ухаан гэж хариулжээ. Дахин асууя. 

Та ямар ӨВийг ЭРДЭНЭ гэж үзэх вэ?