Эхлэл > | | > Бөө орчлонд байх учиг

Бөө орчлонд байх учиг


Нийтлэгдсэн: Friday, March 3, 2017 | Сэтгэгдэлгүй

2017/03/03 Баасан гараг

Эргэцүүлэл №1

Хүмүүн энэ биеэ орхиход хэнд, юунд хамгийн ихээр хорогддог вэ? Уулзаж чадаагүй хүн, хийж чадаагүй ажил, биелүүлж амжаагүй хүсэл мөрөөдөл үү? Хөөрхий үрээ зовохыг нь үзвэл өөдөсхөн үрийг минь хэн түшиж, элгэндээ энхрийлж, хормойдоо аргадах билээ гэж санадаг биз.Үлдэж хоцорсон үрс юунд их харамсдаг вэ? Эдийн дээдээр чимж чадлуу даа? Эрхэлж туньж амжлуу даа? гэж тунгаадаг сан уу? Хэлж захих үг сургаалийг нь сонсож чадсангүй дээ гэж хамгийн их харамсдаг биш гэж үү?


Харин бидний Монголчуудад энэ харамсал төдийлэн хүнд туссангүй, тусгуулсангүй. Учир нь өөрийн удмын бүхий л мэдээлэл  удмын генд агуулагддаг учраас сүнсэн биеэрээ буух боломж бийг ухаарсан өвгүд "сэргэлэн загнажээ". "...долоон отгийн тэргүүнүүд нэгдэн бөөлж байхдаа Тэнгэртэй ГэрИэ байгуулжээ. Дэлхий ээжийнхээ зүрх, амь, хүйг бид үр удмаараа удам дамжуулан хамгаалж байя. Харин Мөнх Тэнгэр та минь биднийг үрсдээ бууж үгээ хэлж, удамтайгаа уулзаж байхыг минь зөвшөөрнө үү хэмээжээ. Тэнгэр ч зөвшөөрсөн учраас тэд долоон дээд эцэг маань мянгандаа нэг буун үйлээ хийн явах чигийг заан хөгжлөөс хөгжил рүү чиглүүлж өгдөг ажээ." "Монголын Товчион Түүхийн Тайлал" судрын хэсгээс /хуудас 79/ иш татав.



Харагдах дүр нь олон янзын зүүсгэлтэй, гар хуруу, хүзүү хоолойгоо элдвээр чимсэн, идэр залуу биетэй ч өнөөх "эрээн" дээлээ нөмрөхөөр элдвийг үзүүлж эмгэн дүрд хувилдаг элдэвтэй нэгнийг харагдахыг үгүйсгэхгүй. Энэ бол Мөнх Тэнгэр тангарагтаа үнэнч байгаагийн нэг жишээ. Тангараг гэдэг хэзээд тэр хэвээрээ өнөд оршдог. Үүнийг бас нэгэн жишээ бол бөө буюу буурлуудын буулт. Харин одоо та бидний тангаргаа сахих, хийх ажил л дутаад байна. Тэнгэр амласандаа хүрсэн, өвгүд үрсдээ бууж мордох хувьтай байна. Исүс, Будда хэний ч дэргэдүүр инээд алдан үрсээ эргэн, үнэрлэн тайвшрах буурлуудын тэр баясал, хэдий сайхан бол?


"Оюун ухаантны биед
Оршихуйн их сүнс орших
Орчлонгийн жам ёсыг
Ойлгуулан таниулахын тулд
Бөө үрс нь байгаль дэлхийд байдаг учиртай.
Хөрст дэлхийн хөрсөнд
Хөх Тэнгэрийн агаарт
Орчлон ертөнцийн рашаанд
Аюул заналхийлэл ирэхэд
Бөө үрс ихээр мэндэлж
Байгаль дэлхийн хэлмэрч болох болой."

"Бөөгийн товчион" судраас /х-20/ иш татав.


Одоо танд дахин нэг сануулая. "Дэлхий ээжийнхээ зүрх, амь, хүйг бид үр удмаараа удам дамжуулан хамгаалж байя". Монгол улсаа л бид хамгаалая гэсэн байна уу? Нэг л удаа хамгаалан тэмцэе гэж үү? Үүнийг та бид хэн хүнгүй бодож, үеийн үед санаж явууштай. Удам дамжсан хараал хүржээ, хэцүү юм гэнэ, бүү үзэгд гэж урьдны хөгшчүүл хүүрнэлдэхийг олонтоо л сонссон биз дээ? Тэгвэл өдий дайны жинтэй өртэй мэт л сэтгэж явах нь зөв бус уу?

Нарийвчлан тунгааж, хүний амьдралын хором нэг бүрийг шунан бодъё. Дэлхийгээ бид аврах ёстой юм гэнэ лээ гээд гэдсээ илээд, худлаа хов жив яриад, хүүхдийнхээ тархийг өлсгөөд суугаад байгаарай гэсэн үг биш ээ. Дурлалдаа шатаад бүхнийг огоороод яв ч гэсэн юм биш. Дотогшоогоо өнгийж, өөрийгөө олж, танин мэд, мэдээд үйлд гэсэндээ Гэрлийн өргөө нэрт гэгээрэл рүү зоригдох эгэлхэн энэ бүлхэм таны, миний тархины түгжээг мулталж, хиртсэн бодлыг минь ариусаг, ХҮН гэдгээ санаг гэсэндээ олон судар эмхэтгэн гаргаад байна. Үг нэг бүрийг ухан унш, тунгаан унш. Тэр ажил минь бүтэх нь үү? Тийм хүн манайд ирэх нь үү? гэж номоор мэргэлдэг шигээ энэ судруудыг барин барин унш. Асуулт хайх, сэтгэл гуних, яах гэж амьдраад байгаагаа, юуг бүтээх гэж улаач заяанд мэндэлснээ амьдралын шуурганд цохиулан явахдаа хайснаа олог гэсэндээ л бэлхэн шипи бидэнд байна. Яагаад ном биш судар гэснийг бас нэг бодох. Нэн ялангуяа хариултыг бусдаас хайгчид.

Буурлын буултыг буруудаад байна хэмээн сэтгэж болно оо, таны л дур. Бусдын эцгийг жинхэнэ эцгээ гээд шүтэж болно оо таны л дур. Бусдын шүтлэгийг нөмрөөд явж болно, мөн л таны дур. Гэхдээ та хэнээс төрөөд, ямар гарвалтайгаа умартсан үед, магад бодохыг ч хүсэхгүй үед; магад миний эрх чөлөө тул сүнслэг оршихуйгаа хэний сүүдэрт тушаахаа өөрөө мэдсү гэвэл бас л таны дур. Хэн ч таныг албадахгүй.

Ноён уулыг ухах гээд харийнхан улайран ядахад та юу хийж байснаа эргэн нэг санаарай!
Цөмийн хаягдалыг гэрт тань хаях гээд явахад та юу хийж байснаа эргэн нэг санаарай!
Удам дамжин төр улсаа захирах ёсыг халахад та хэнээр толгойгоо болгосноо эргэн нэг санаарай!
Гэрт тань эзэн сууж, гэргийд тань нөхөр залахад та хэнд дагаар орсноо эргэн нэг санаарай!

Биеэ гээгээд, булах газаргүй болоход
Ясаа газарт булуулаад, сүнс тань дэгдэж үл чадах ахуйд
Хүмүүний амьдралаа эдэнд дурласаар дуусах үед
Зүтгэж зүтгэж олсон эрээн цаасаа амтлан идэж жаргахгүйн тэрхэн хоромд
Нүцгэрхийн цагт та яаж харамсахаа бодоод нэг үзээрэй, юуг үл хийснээ!

Хүндэтгэсэн,
Зургаахан